Замын-Үүдэд 15 МВт-ын нарны цахилгаан станц барина.
2017.09.09
Дорноговь /МОНЦАМЭ/. Япон Улсын “Шигэмицү Шожи” компани, “Шарп” корпораци, Монголын “Нарантээг” ХХК-тай хамтран Замын-Үүдэд 15 мвт-ын хүчин чадао бүхий нарны цахилгаан станц барихаар болжээ.
Цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 28 сая кВт.ц цэвэр эрчим хүч үйлдвэрлэх аж. Мөн 833,150 тонн хүлэмжийн хийг бууруулж, 685,750 тонн түүхий нүүрсийг хэмнэж, 5,05 сая тонн цэвэр ус хэмнэхээс гадна 25 хүнийг байнгын ажлын байраар хангах аж.
“Гэгээн” нэртэй 15 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын шав тавих ёслол энэ сарын 05-нд Замын-Үүд суманд болсон. Шав тавих ёслолд Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Баярбаатар, Эрчим хүчний яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга С.Цэрэнжамц, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан, “Шигэмицу Шожи” компанийн ерөнхийлөгч Гэгээн Тана болон Замын-Үүд сумын удирдлагууд оролцов.
Эх сурвалж: https://www.montsame.gov.mn/mn/read/65146